back-button
스토리
로그인/회원가입 menu
[목포대학교] Солонгост ирсэн түүх-1 “Дутуу мэдрэмж?‍?️”
BUKHCHULUUN NOMINERDENE 멘토
이 게시글 신고하기



Ахлах ангиа төгссөн 2017 оны хавар. Бүгд л ЭЕШ-дээ бэлдээд завгүй байсан үе. Сурлагаараа сургуульдаа гайгүй дээгүүрт жагсдаг, ялангуяа математикаараа бол сургуульдаа нэгт бичигддэг байсан юм. Ангийн хүүхдүүд, үеийн найзууд, багш нар хүртэл “мат 800 асуудалгүй биз дээ?” гэж асууна. Би дотроо “асуудалгүй л дээ” гэж бодсон ч дотор минь юу ч юм дутуу, нэг л хоосон мэдрэмж төрдөг байлаа.

Шалгалтууд ч дуусч хэсэг хугацааны дараа оноо зарлагдаж бүртгүүлсэн сургуулиудаас хариу ирж эхэллээ. 800 биш ч чамлахааргүй өндөр оноо авсан тул монголдоо л хамгийн гайгүй гэж боддог МУИС-даа төвөггүйхэн орчихлоо. Гэрийнхэн минь баярлаж надаар бахархаж байсан ч миний дотор нөгөө л нэг дутуу, хоосон мэдрэмж хэвээрээ. Бүр дээр нь хэн нэгнээс, ямар нэг зүйлээс хоцроод байгаа юм шиг мэдрэмж нэмэгдчихсэн. 

 

Яг тухайн үед надад бүх зүйл маш хурдан бас ямар ч утгагүй санагдаж байсан. Яагаад ч юм ахлах сургуулиа төгссөн л бол заавал эеш өгөх ёстой, заавал нэг сургуульд, заавал нэг мэргэжлээр сурах ёстой юм шиг. Дунд нь түр амсхийгээд тайван бодох ямар ч боломжгүй. Яг л бөөн бөөнөөрөө хамтдаа явж нэгнийхээ үйлдлийг дагадаг сүрэг загас шиг… Сурагч наснаас оюутан нас руу сонголтгүй яваад орчихсон. Өөрийгөө юу хүсдгийг, яах гээд байгаагаа ч ойлгож амжаагүй байтал амьдралын их далайд тавтай морил гэсэн шиг л асуудлуудтай тулгарч эхэлсэн. Хамгийн эхний хичээл 7цаг 40минутанд. Гэтэл автобус хамгийн эртдээ 6:30минутанд явж эхлэнэ. Манай гэр сургуулиас 2 цагийн зайтай. Дунд нь нэг дамжина. Хоцорхоор хичээл нь хаалгаа барьчихсан. Тэгэхээр яаж ч хичээгээд эхний лекцэндээ амждаггүй байсан. Орой сүүлийн хичээл 7д тарна. Бас л автобусандаа багтахгүй, нэг бол автобус нь ирэхгүй, аль эсвэл түгжрэлд 3-4 цагийг зарцуулна. Идэр есийн хүйтэнд хөлдчихгүй л бол гэсэн бодолтой хэдэн буудал ч хамаагүй алхана. Шөнөжингөө сууж PPT-ээ бэлдээд өдөржин хичээлтэй байгаад хүнд ном, нөүтбүүкээ тэврээд ядарсандаа суудал дээр суухаар хэний ч танихгүй хөндлөнгийн нэг хүнд янз бүрээр хэлүүлж доромжлуулна. Чанартай, мэдлэгтэй багш нар байхын хажуугаар цөөн хэдэн, чанаргүй, мэдлэггүй, хэн сайхан харьцсаныг тоож дүн гаргадаг багш нар ч байна. Тэр болгоны ая талыг засч чадахгүй дуугүй дүмбийж суусандаа өөртөө буруу өгч сэтгэлээр унана гээд өөрөөс минь хамааралгүй асуудал бүхэнд гомдоё гээд ч гомдох хүн олдохгүй хий дэмий өөрийгөө л буруутгадаг байсан. Тэгээд тэндээсээ гарах гарцаа ерөөсөө гадаад л явах юм байна гэж бодож эхэлсэн. (Одоо бодоход ганцхан би зовоод байсан зүйл биш, бүгд л ялгаагүй даваад туулаад явж байгаа амьдралын нэг хэсэг байсан юм билээ)

 

Гэвч гадаадад сурахын тулд маш их мөнгө хэрэгтэй. Тийм их мөнгийг надад май гээд өгөх хүн байхгүй. Тэтгэлэг авъя гэсэн ч дор хаяж хэлний оноо хэрэгтэй. IELTS өгнө гэж бодоод аль үнэтэй гэсэн оноо амладаг сургалтанд төлбөрөө арай гэж олоод сууж байсан боловч ээж маань дүүгээ харж гэрээ цэвэрлэсэнгүй гэдэг шалтгаанаар сургалтаас гаргачихсан. (Нялх биетэй, төрсний дараах сэтгэл гутрал ихтэй байсан үе нь) Тэгээд л гадаад~тэтгэлэг гэдэг үгнүүд надад наалдахаа байчихсан.

 

Гэсэн ч чөлөөт цагаараа англи хэл, монгол бичгийг бие даан сурч, Autocad, Photoshop, Adobe Illustration гэх мэт программуудыг оролдож үзэн хэрэндээ л өөрийгөө хөгжүүлэхийг хичээж завгүй байлгаж байлаа.

 

Гэтэл нэгэн өдөр удаан уулзаагүй найзаасаа япон явах болсон талаар сонсов. Байж болох боломж нь тэр, эмээгээсээ тусламж хүсч япон явах болсон тухайгаа надад ярингаа “Нээрээ чи ч бас нагац эгчээсээ тусламж хүсээд үзээч. Тэгэж байж л явах боломж бүрдэнэ шүү дээ” гэж хэлсэн юм.(—Уг нь би америк юмуу европын аль нэг оронруу тэтгэлэг л авч байж явна гэдэг бодолтой, тэрэндээ ч тууштай биш болчихсон байсан үе. Солонгост сурах тухай огт сонирхож байгаагүй бөгөөд тухайн үед нагац эгч маань солонгос улсад ажиллаж амьдардаг, тийм ч дотно биш харилцаатай байсан.) Тэр өдрөөс хойш гадаадад сурах тухай бодолтой хамт, найзын маань хэлсэн “Чи ч бас” гэдэг үг толгойд үлдчихсэн. Тэгээд бодож бодож нэг өдөр ээждээ найзынхаа тухай болон Солонгост суралцахыг хүсэх болсон тухайгаа хэлсэн юм. Ээж чимээгүй сонсож зогссоноо ээж нь ч бас чамд хэлэх зүйл байна гэх нь тэр. “Хэд хоногийн өмнөөс аниа чинь өвөө эмээ хоёртой нь утсаар ярихдаа чамайг Солонгост сургавал ямар вэ гэдэг талаар ярилцах болсон. Чамд жаахан байж байгаад хэлье гэж бодсон юм. Ээж нь тусалж чадахгүй учир миний охин аниагаасаа өөрөө шууд тусламж хүсээд үз. Чамайг дэмжих байх” гэсэн. Тэгээд л би тэр шөнө нь нойргүй сууж яг л вийзэнд орохдоо, сургуульдаа элсэхдээ өгдөг суралцах төлөвлөгөө шиг цаашдаа хэрхэн яаж юуг сурмаар байгаагаа, эдийн засгийн боломж байхгүйгээ бүгдийг нь маш уртаар бичээд нагац эгч рүүгээ явуулсан юм. Шөнийн 3 цаг болж байсан хэдий ч тэр дороо “Ойлголоо” гэсэн хариу ирсэн. 

Маргаашнаас нь аниа өвөө эмээд хэлж миний гадаад пасспорт, сургуулийн материалыг бэлдэх даалгавар өгөв. Өмнө нь олон удаа гадаадад сурах тухай, тэтгэлэг авах талаар яриад өвөө эмээ хоёр маань дэмждэггүй, миний охин хэцүү шүү дээ л гэж хэлдэг байсан юм. Арга ч үгүй байх. Арван долоохон настай охин нь алс холын улсруу явна гэж яриад байхаар хэнд ч гэсэн хэцүүхэн л санагдах биз. Тэгээд ч •Тэтгэлэг• гэх үг өвөө эмээ аав ээжийн чихнээс төө хол, итгэж боломгүй хий хоосон төсөөлөл шиг нь санагддаг байсан байх. 

Харин энэ удаад таньж мэддэг хүнтэй, хааяа нэг ирж очих боломжтой, аль хэдийн чихэнд нь хоногшсон, ялангуяа монголчуудын хамгийн их ирж очих боломжтой Солонгос улсыг зорих болсон нь сэтгэлд ойр сонсогдсон биз. 

 

Аль болох хамгийн бага зардлаар сурах зорилготой надад зуучлалын байгууллага, хотын төвийн нэр хүндтэй сургуулиуд тийм ч зөв сонголт шиг санагдахгүй байлаа. Тиймээс сургуулиудын байршил, төлбөрийг өөрөө судалж эхэлсэн. Зуучлалын байгууллагаар орж асуусан ч сонголт тийм ч өргөн биш өөрсдийн хамтарч ажилладаг цөөн хэдэн сургуулиудыг санал болгож байсан. Тэгээд зуучлалын хөлс гэж дор хаяж 500’000~1’500’000 өгөх ёстой байсан. Миний хэрэгцээ, сонирхолд тохироогүй нарийн байршил амьдрах орчин нь ч ойлгомжгүй (виз сунгалт, ажил олдолт…) сургуульд сул мөнгө өгч зуучлуулна гэдэг нь сэтгэлд нэг л нийцэхгүй байсан учир өөрөө сургуулиа судлаад хувиараа материалаа өгөх сонголтыг хийсэн.

 

Энэ удаагийн бичвэрээр хэрхэн солонгос явах шийдвэрийг гаргасан юу нөлөөлсөн тухайгаа бичлээ. Хэтэрхий нуршуу найруулга муутай бичсэн бол өршөөж хайрлаарай~! Дараагийн бичвэрээр хэлний бэлтгэл болон визэнд хэрхэн өөрөө материалаа бэлдэж өгсөн тухай оруулах болно. Ижил нөхцөл байдалтай эсвэл хэлж, асуух зүйл байвал надруу бичээрэй баярлалаа~! ?

BUKHCHULUUN NOMINERDENE 멘토
목포대학교
멘티 90명 ∙ 스토리 2
이 스토리가 마음에 드셨나요?
그러면 1:1 대화를 시작해보세요